Комик баатруудын кино сүүлийн хэдэн жил нилээд эрчээ аван гарсаар байгаа билээ. Удахгүй 2012 онд Марвел комикын баатруудын нэгдэл Авенжирс нэртэй кино гарах гэж байгаа талаар ч бас сонссон л биз. Харин би энэ удаад ДС комиксын баатар болох Батмений шинэ цувралын 2-р анги Харанхуйн баатар ангийн тухай бичмээр санагдлаа.

Энэ киноны талаар бичих болсон нь учиртай. Миний хувьд энэ киног гарахаас өмнө Бэтменийг төдийлөн сонирхож үздэггүй байсан. Бүр энэ шинэ цувралын 1-р анги гарахад ч миний сонихолыг татаагүй. Бэтмений хоолойг сонсоод хөх инээд хүрч байсан шүү. Гэвч Харанхуйн баатар нэртэй энэ анги гарсанаар миний бодол жинхэнэ орвонгоороо эргэх шиг болсон. Сүүлдээ хамгийн шилдэг комик баатраар Бэтменийг нэрлэмээр санагдаж байлаа. Гэхдээ энэ кинонд дурлах болсон хамгийн том шалтгаан бол Жокер. Миний хувьд энэ киноны Жокер бол бүх цаг үеийн хамгийн шилдэг эсрэг дүр.
Нэр: Бэтмен: Харанхуйн баатар
Найруулагч: Кристофер Нолан
Гол дүрд: Кристиан Белл, Хэйт Леджер
Ер нь бол Кристофер Ноланы бүтээлүүд гайхалтай гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Энэ киноны зохиолын тал дээр бүр гайхалтай ажилласан санагдсан. Учир нь зохиолын өрнөл, зангилаа, оргил хэсгүүд бүгд гайхалтай тайлагдашгүй, сонирхолтой болсон. Сүүлийн үед хэт их кино үздэгээс болоод тэр үү “За энэ одоо тэгэх байхдаа” гэж бодтол яг л тийм үйл явдал болоод кино жаахан сонирхолгүй болчихоод байдаг. Харин Ноланы бүтээлүүд үргэлж эхнээсээ эцсээ хүртэл тайлагдашгүй гэнтийн үйл явдлаар дүүрэн байдаг.
Жокер бол хэзээд Бэтмений хамгийн том дайсан байсаар ирсэн. Харин үүнийг кинонд хэрхэн харуулах вэ гэдэг асуудалтай санагдаж байсан шүү. Харин энэ киноны зохиол бол гайхалтай, зүгээр л гайхалтай учраас Жокерын тэр хорон санаат үйл хэргийг маш сонирхолтойгоор гаргаж иржээ. Харин түүнийг нь Хэйт Леджер ингэж амилуулна гэж санах билээ. Шинэ кино биш болохоор үйл явдал бичих нь илүүц биздээ зүгээр л өөртөө төрсөн сэтгэгдлийг буулгамаар санагдсан юмаа.
Хамгийн харамсалтай зүйл бол Хэйт Леджер кино гарсанаас хойш удалгүй нас барсан явдад юм. Тэрээр энэхүү дүрээрээ Оскар, Алтан бөмбөрцөг гээд олон төрлийн кино наадмуудаас шилдэг туслах дүр, шилдэг эрэгтэй жүжигчин гэх мэт шагналыг хүртжээ. (RIP Heath Ledger)
За тэхээр гунигтай хэсгийг орхиод бас нэг дурдахгүй өнгөрч болохгүй зүйл юу вээ гэхээр уг кинонд гарах техник, технологи. Бэтмений машин Нолан шинэ цуврал дээр жинхэнэ утгаараа супер машин болсон. Тэгсэн бүр энэ анги дээр урд хоёр дугуй нь салж гайхалтай мотоцикл болон хувирдаг. Мөн гар утсаар дамжуулан хүмүүсийн байрлалыг илрүүлэх төхөөрөмж гэхчлэн гайхалтай зүйлүүд их гарна.
Ямар ч зүйл төгс биш байдаг даа. Энэ кино төгсөд ойртсон кино болсон шүү. Төгс болдоггүйн наад захын жишээ бол Бэтмений хоолой. Хахаха. Тэрийг сонсохоор яалтчгүй инээд хүрээд байдаг юм даа.
Удахгүй 2012 онд Харанхуйн баатрын сэргэлт нэртэй шинэ анги гарна. Их хүсч хүлээж байна шүү.

