Аз жаргалын нууц

… Нэгэн наймаачин аз жаргалын нууцыг мэдээд ир гээд хүүгээ хамгийн мэргэн хүн рүү илгээж гэнэ. Залуу элсэн цөлөөр дөц хоног явсаны эцэст уулын орой дээр үлэмж гоё шилтгээн байхыг олж харжээ. Түүний хайж явсан Мэргэн тэр шилтгээнд аж төрдөг болой.

Санасныг бодвол, шилтгээн нь гэгээнтний аглаг сууцтай ер адилгүй, харин ч хөл ихтэй газар байж. Тэнд бараагаа санал болгосон наймаачид холхиж, булан тохойд нь хүмүүс цугларан элдвийг ярьцгааж, жижиг найрал хөгжим ялдамхан ая тоглож байсны дээр том танхимын дунд энэ нутагт олж болох хамгийн тансаг нандин идээ ундаа тавьсан ширээ зассан байж гэнэ.

Мэргэн зочдынхоо дундуур яаралгүй явж ярилцаж байсан болохоор залуу ээлжээ хоёр цаг хүлээж гэнэ.

Залуугийн хүрэлцэн ирсэн хэрэг зоригийг сонсоод, Мэргэн аз жаргалын нууцыг одоо тайлбарлах завгүй учир шилтгээнээр явж байгаад хоёр цагийн дараа энэ танхимд ирэхийг түүнээс хүсчээ.

“Гэхдээ би чамаас бас нэг юм хүсмээр байна”, хэмээн Мэргэн хэлээд залууд хоёр дусал тостой цайны халбага өгөөд “энэ халбагыг аваад яв, харин тосыг нь асгаж болохгүй шүү” гэж.

Залуу халбаганаасаа харцаа салгалгүй ордны шатуудаар өгсөж, бууж явсаар байгаад хоёр цагийн дараа Мэргэн дээр ирэхэд тэрээр:
“За, зоогийн танхим дахь перс хивсүүд чамд таалагдав уу? Цэцэрлэг дэх арван жилийн турш хамгийн уран мастеруудын ургуулсан мод, цэцэг ямар санагдав? Миний номын санд байгаа эртний ном судрууд таалагдав уу?” гэв.

Ичсэн залуу шилтгэний эзний даатгасан тосыг асгахгүйг хичээн түүнд бүх анхаарлаа төвлөрүүлсэн учир юуг ч хараагүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөд Мэргэн:
“Тэгвэл дахин явж миний гэрийн бүх гайхамшгийг үзээд ир. Хүн хаана, яаж амьдардгийг мэдэхгүй бол түүнд итгэж болдоггүй юм” гэжээ.

Халбагаа барин залуу дахиад л танхим, хонгилуудаар явж гэнэ. Энэ удаад биеэ тэгтлээ их барихгүй өрөөнүүдийг чимсэн ховор нандин зүйлс, урлагийн бүтээлүүдийг харж авчээ. Цэцэрлэгүүд, шилтгээнийг бүсэлсэн уулсыг харж, анхилам сайхан цэцэгс хийгээд уран зураг, баримлуудыг нүдийг нь олж байрлуулсныг үнэлжээ. Мэргэн дээр буцаж ирээд үзэж харсан бүхнээ дэлгэрэнгүй тоочиж гэнэ.

“Чамд асгалгүй аваар ирээрэй гэж өгсөн хоёр дусал тос хаана байна вэ?” гэж Мэргэн асуув.

Залуу нөгөө тосоо асгачихснаа сая л нэг юм мэдэв.

“Аз жаргалын нууц нь хорвоогийн гайхамшиг, сайхан бүхнийг олж харж явахдаа цайны халбага дахь хоёр дусал тосоо мартахгүй байхад оршдог юм. Чамд миний өгч чадах ганцхан зөвлөгөө минь энэ дээ” хэмээн их мэргэн хэлж гэнэ.

Мельхиседекийн ярьсныг сонсоод Сантьяго удаан дуугүй суулаа. Тэрээр өвгөний юу хэлэх гэснийг ойлгосон аж…

(Пауло Коэльо – “Алхимич” 1988 номын хэсгээс)

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s