За ингэж нэг 10 жил үргэлжилсэн энэ их цуврал дуусдаг юм байжээ.
Өнгөрөгч ням гариг буюу 8-р сарын 21-нд дүүгийнхээ төрсөн өдрийг далимдуулж Harry Potter: Deathly Hallows Part 2-ийг зорин байж үзлээ. Удаан ч хүлээснийг хэлэх үү орохынхоо өмнө дүүтэйгээ яаж дуусах талаар янз бүрийн санаа дэвшүүлж ярилцаж байв. Харри үхэх үү, Снейп үнэхээр урвасан гэж үү эсвэл өөр санаа агуулж байгаа юу, Үхлийн гурван шүтээний нэг нь хаана байна вэ гээд л…
Тэнгис кино театрт Харри Поттерийн нээлтэнд зориулан тусгайлан зассан үзэсгэлэнгийн хэсэг байсан нь үнэхээр сонирхол татахуйц байлаа. Ном болон ДВД хувилбар, Харригийн өмсгөл, Нимбус 2000 шүүр, шидэт саваанууд гээд л…
За тэгтэл нэг юм кино эхлэх цаг боллоо. Хоёр давхарт гартал 2-р танхимд орох гэсэн хүмүүс попкорн зардаг хэсэг хүртэл давхар эгнээ болон цуваа үүсгэсэн байв. Кино эхэллээ. Киноны 1-р хэсэгт Волдиморт Элдер Вандыг авч дуусдаг шүү дээ. Яг тэр үйл явдлаар кино эхэлж байна.
Ер нь киноны үйл явдлын талаар ярих нь утгагүй хэрэг биздээ. Хэрвээ үзээгүй хүн үүнийг уншчихвал утгагүй болчихно тиймээс ерөнхий өөрт төрсөн сэтгэгдэл дүгнэлтээ хүргье.
Бүх үйл явдлын зангилааг тайлж байгаагаараа энэ анги үнэхээр их үйл явдлыг агуулсан санагдсан. “Хөөх тийм үү.” “Энэ ийм учиртай байсан юм уу” гэсэн гайхшралуудаар дүүрэн байлаа. Үүнээс миний хамгийн ихээр сонирхож байсан зүйл нь Horcrux буюу Волдимортын сүнсээ шингээсэн зүйлүүдийн эцсийх нь юу байх вэ гэсэн бодол. Өмнөх бүх ангиудыг үзээд надад Харритай ямар нэг байдлаар тэр нь холбоотой байгааг мэдэж байсан юм. Тэгтэл яг миний бодож байснаар болж таарсан. Мөн Амь оруулагч чулууг хаана нуусан талаар дүүгийн маань дэвшүүлж байсан санаа зөв болж таарсан.
Харри Поттерын цуврал ямагт хүүхэд залуус, ер нь хэн бүхэнд нөхөрлөл, үнэн ч зан, шударга байдал, урван тэрслэлт, хорон муу санаануудын талаар үргэлж үнэтэй сургамжуудыг өгч чаддаг билээ. Энэ удаагийн анги дээр ч мөн энэ талаар маш сайн харуулж өгсөн байдаг. Ганц Харригийн төлөө Хогвардс сургуулийн бүх андуудад нь түүнийг хамгаалан тулалдаж байдаг. Мөн Невиллийн тэнэг юм шиг хэрнээ зоригтой зан чанар. Хермионагийн ухаалаг байдал. Хэдийгээр яах ч аргагүйгээр Үхлийн ангуучидтай нэгдсэн боловч эцэст нь зөв замыг сонгосон Малфойгийн гэр бүл. Хайр сэтгэлийн ариун нандин байдал, түүний хүчийг харуулж чадсан Харригийн ээжийн хайр болон Снейпийн хайр гээд л… Сургамжтай зүйлүүд энэ киноноос их гардаг билээ.
Дүрүүдийн хувьд ярих юм байхгүй ээ. Яахавдээ дунд сургуулийн сурагчийн дүрд тоглож байгаа атлаа хэтэрхий том жүжигчид тоглож байгаа гээд үргэлж хэл амны бай болж байдаг. Гэхдээ тэр ямар хамаатай юм бэ. Харригийн дүр Даниел Радклиф-ээс өөр хүн тоглосон бол ямар санагдах байсан бэ. Мэдээж тэгвэл энэ киноны энэ үнэ цэнэтэй байдал алдагдах байсан бизээ. Энэ киног гарахаас өмнө нилээд олон удаа уран бүтээлчидтэй хийсэн ярилцлага, киног хийж дуусаад хамгийн сүүлд арван жилийнхээ түүхийг эргэн харж байхдаа тэдний хэрхэн догдолж, мөн нулимс унагаж байгааг харж байсан. Хамгийн анх гол дүрийн гурван жаахан хүүхэд шалгаруулалт дээр хэрхэн жүжиглэж байгааг хүртэл хараад инээд хүрч байлаа. Тийм жаахан жаалууд өнөөдөр 10 жилийн дараа ийм болжээ гээд л.
Яалтчгүй өнгөрсөн 10 жилд бид бүхний амьдралтай ч мөн адил нэгдэж чадсан Харри Поттер киног бүтээгчид, энэхүү гайхалтай зохиолыг тууривсан Ж.К.Роулинг-д талархахгүй байхын аргагүй юм даа. Харин цаашид хүн бүр өөр өөрсдийнхөө дотор уг зохиолыг үргэлжлүүлэн Албус Северус Поттер болон түүний найз нарын сонирхолтой адал явдлыг өрнүүлэх биздээ.
Сэтгэл хөдөлгөсөн сайхан киноны талаар хэлэх гээд, магтах гээд үг олдохгүй юм даа.
IMDB-ээс 8/10 оноо авсан байсан. Миний хувьд 9 хүртэл оноо өгөхөөр санагдаж байгаа. Та ч мөн өөрөө үзэж өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгөөрэй.


oh nadad bas uneheer ih taalagdsan. dahij uzmeer sanagdaj bna. tanii setgegdeltei 100% sanal niilj bnoo:)